Нидерландын Маастрихт хотод магистрын оюутан болоод хоёр сарыг үдэж байна. Энэ хугацаанд юу тохиолдсон, би гэдэг хүн хэрхэн аж төрж байгаа талаараа богинохон бичвэр бичихээр шийдлээ. Учир нь гэр бүлдээ, найз нөхөддөө, танил хүмүүсдээ нэг бүрчлэн хуваалцах боломжгүй байгаан дээр хичээлийн шаардлагаар нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг цагаа маш их хэмжээгээр танасан болно.
Сургууль болон хөтөлбөрийн тухай
Нидерландын Маастрихтын их сургууль (Maastricht Graduate school of Governance) болон Нэгдсэн үндэстний байгууллагын их сургууль (United Nations University, UNU-MERIT)-н хамтарсан Төрийн бодлого ба Хүний хөгжил (M.Sc. in Public Policy and Human Development) хөтөлбөрт суралцаж байгаа. Сонгосон шалтгаан нь маш энгийн, өмнөх боловсрол ба ажлын туршлагатай минь шууд холбогдоно, богино хугацааны хөтөлбөр сонирхож байсан, бас надад хамгийн өндөр тэтгэлэг санал болгосон. Энд нэг үгийг тэмдэглэх хэрэгтэй, Public гэдэг нь нийтийн гэж хэрэглэгдэх ёстой боловч Монгол хэл дээр төрийн гэж буулгах нь илүү ойлгогдохоор байгаа тул цааш төрийн гээд биччихлээ. Манай хөтөлбөр 40 орноос ирсэн 100 гаран оюутантай, утгаараа олон янз байдал оршдог гэж болно. Ихэнхи нь надаас дүү, надтай ойролцоо болон дээш насны бүлгийнхэн үсрээл хорин хүн байгаа болов уу. Бидний хэдэн цөөхөн ахмадууд “MPP seniors” нэртэй дундын чаттай бөгөөд тэндээ жаргал зовлонгоо хуваалцана аа өөрөөр хэлбэл үгэнд орохгүй байгаа Gen-Z нарыг муулна 😂.
Эхний хоёр сарын хугацаанд Төрийн бодлого (Public Policy), Бодлогын шинжилгээний арга зүй (Methods for Policy Analysis), Төрийн эдийн засаг (Public Economics) гэсэн хичээлүүдийг судлав. Эхний нэг сар санаснаас хамаагүй хэцүү байсан. Нэг жилийн хөтөлбөр учир эрчимжүүлсэн хөтөлбөртэй гэдгийг мэдэж байсан ч, арай ч ийм аймар эрчимжүүлсэн гэж бодоогүй 😢. Өдөр бүр хичээлтэйн дээр унших материал маш их өгнө. Нэг өгүүлэл биш, нэг ном биш дандаа л нилээн хэдээр нь өгнө. Тэгэхдээ заавал унших нь тусдаа, уншсан байвал маш сайн гэдэг нь дахиад тусдаа уртаас урт жагсаалт. Унших даалгавар хүнд санагдаж байгаа учир нь би гэдэг хүн хожуу англи хэл сурсан, дээр нь бичих, унших, ярих, сонсох ур чадваруудаа харилцан адилгүй хөгжүүлсэнтэй холбоотой. Их дээд сургуульд боловсрол эзэмших хэмжээнд эзэмшсэн ч унаган англи хэлтнүүдтэй мэдээж харьцуулашгүй. Ядаж заавал мэдсэн байх шаардлагатай хэсгээ уншиж барахын тулд утаснаасаа хол байхаас өөр аргагүй болдог юм билээ. Жаахан уншиж байгаад утсаа хэсэг харчихаад буцаад уншихаар өмнөх хэсгээ мартчихаад байв. Ингэж сошиал медиа хүний төвлөрлийг маш ихээр сааруулдгыг ойлгосон учир унших даалгавартай үед утсаа харахаа болив. Мөн уншиж байхдаа ойлгосноо өөрийн үгээр буулгаж тэмдэглэл хөтлөх нь хамаагүй үр дүнтэй байлаа. Хичээлийн агуулга бол таалагдаж байгаа, төрийн бодлогын мөчлөгөөс авахуулаад эдийн засагт төр ямар үед, хэрхэн оролцох хэрэгтэй, оролцоо нь ямар нөлөөг учруулж болох, яагаад улс орнууд бодлогын эдгээр арга замыг сонгодог гэх мэт. Мөн их хэмжээний дата боловсруулах, тайлбарлах, хэрхэн бодлого боловсруулахад хэрэглэх тухай судалгааны арга зүй, програм хангамж хосолсон хичээл үзнэ. Өглөө бүр Монголоо бодож сэрэхгүй байгаа ч хичээл бүр дээр манай улсын дүр зураг, асуудлууд нүдэнд үзэгдэнэ. Public Policy-оор гадаад улсад боловсрол эзэмшсэн хүмүүс цөөнгүй бий, тэд яг хаана байна вэ? яагаад байх ёстой газраа байхгүй байна вэ? гэж бодогдоод л, за энэ тусдаа урт сэдэв учир ингээд орхиё.
Хичээлийн хөтөлбөр маш тодорхой буюу хичээлийн зорилго, агуулга, бүтэц, хэлбэр, даалгавар, үнэлгээ гээд бүх юм нарийн танилцуулагдана, бас бичээстэй байж байна. Гарын авлага, ном, бусад эх сурвалжууд, анги танхим, номын сан, техник хэрэгсэл, уух ус нь халуун, хүйтэн, хэвийн, хийжүүлсэн гээд, кофе хүртэл сургуулийн орчинд үнэгүй. Товчхондоо сурах юмны хэмжээ өөрөөс чинь хамаарна гэдэг дүрэмтэй. Атаархал алхам тутам төрнө, номын сан нь оюутан хүний диваажин юмуу хаашаа юм. Ганцаараа суух хэсгүүд, бүлгээр ажиллах өрөөнүүд, подкаст, контент бүтээх тусгай хэрэгсэлтэй өрөөнүүд, компьютер, монитортой өрөөнүүд гээд сургуулийн хэмжээнд 23,000 оюутанд хичээл хийх зай талбай бий. Би ихэнхидээ гэртэй ойрхон учир яг хажуугийн UNU-MERIT-н байранд хичээлээ хийнэ. Хэдэн Ph.D оюутнууд, ажилтнуудаас өөр нээх хүнгүй сэлүүхэн, аниргүй газар.









Амьдарч буй хот
Маастрихт бол Лимбург аймгийн нийслэл бөгөөд Нидерландын хамгийн эртний хотуудын нэг, Ромын үеэс үүсэлтэй. Европын холбоог эх барьж авсан газар. Нэр нь “Maas” гол + “tricht” гүүр гэсэн латин үгнээс гаралтай. Түүхийн дурсгалт газрууд, орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн барилга байгууламж хосолсон маш тайван, үзэсгэлэнтэй хот. MECC нэртэй ОУ-н үзэсгэлэнгийн танхим болон Маастрихтын их сургуулиараа алдартай (оюутнуудын 50% нь ОУ-н оюутнууд). Гүүр, машин зам, дугуйн болон явган зам нь төгс. Түгжрэлийн Т үсэг нь ч энд байхгүй, ирснээсээ хойш ганцхан удаа сигнал сонссон аймар цочсон хаха. Гадна орчноос авах стресс байхгүй, Монголоо бүр алдаж байгаа байхаа би lol 😂. Асуудалтай зүйлс бас байнаа байна, нэг том асуудал байгаа нь хоол хүнс, хувцас хэрэглэл нь үнэтэй. Гэхдээ европ ер нь хаа сайгүй л ийм бололтой. Өвс хэрэглэх нь энд хуулиар зөвшөөрөгдсөн учир гудманд татаж яваа хүмүүстэй мэр сэр таарна, нойтон үхрийн баас шиг хачин үнэртэй эд, би үнэрлээд л шууд л ханиалгана. Тэрийгээ зардаг газраа кофе шоп гээд нэрлэчихсэн, би нэг удаа андуурч ороод, үнэрийг нь авуутаа үтэр түргэн дутаан гарсан л даа 😂 кофегүй кофе шоп гэж юу гэсэн ч үг юм тэ! Манай хотод цагаач их биш, гадуур оюутан биш л бол ер нь л Нидерланд (Dutch) хүмүүс явж харагдана. Dutch хэлээр ярьдаг, гэхдээ бараг бүгд л англи хэлээр мөн чөлөөтэй ойлголцоно. Тэд цагаан бас маш цэвэрхэн арьстай хачин өндөр хүмүүс (дэлхийд хамгийн өндөр). Юм бүхэн тэдний стандартаар учир надад бүгд өндөрдөнө – сандал, ширээ, угаалтуур, суултуур, мэдээж дугуй нь хүртэл. Дугуй бол энд хаан, машинд биш дугуйнд мөргүүлж л үхэж магадгүй. Би юугаараа дутахав дугуйтай болсон түүнийгээ Оюука гэж нэрлэсэн. Миний Оюука бид 2 хааяа салхи татуулан давхинаа, уруу газарлуу жаахан дураараа явчих гээд байдгаас бусдаар бид хоёр дажгүй ээ. Өвөл би дугуй унаж чадах эсэхээ мэдэхгүй байна, голын хажуугаар явахдаа хацраа хөлдөөчихөж магадгүй гээд одооноос бэргээтэй хаха. Үндэсний хоолсоод байх юм байхгүйдээ гэхгүй юу, шарсан төмс, шарсан загас, үхрийн мах тэгээд далайн хүнс. Монголчууд төл малын мах иддэггүй эдр чинь одоо надаа түүч хамаагүй, олдож байгаа нь л хурганы мах юм чинь одоо яалтай, хоньны мах л бол хоньны мах, тиймээ. Гэхдээ тийм даварцан байнга мах идээд байна гэж байхгүй ээ, нэг стэйкний хэмжээтэй мах 10 евро, би чинь ажилгүй оюутан хүн шүү дээ. Мах идэхгүй байлаа гээд муудаад байгаа ч юм бас алга дөө, цагаан, ногоон хоолтой хүмүүс нь мах иддэгээсээ их юм билээ энд.









За ингээд бараг болчихлоодоо, гэснээс ер нь дасаад учраа олоод эхэлж байгаа юм чинь сардаа нэг удаа өөр хот (улс) руу аялая гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэр талаараа болон энэ дэх амьдралын update-аа бичнэ гэж бодож байгаа, уншаад сэтгэгдэл үлдээгээрэй. Сөрөг гөлөгнүүдийг блок шүү гэхгүй ч гэр орноосоо хол нэг муу ядарсан оюутанг сэтгэлээр унагах юм хэлэхгүй байх гэж найдаж байна 🤗.
Таны Должоо / Your Dolya





Leave a reply to Jugee Cancel reply