“Чи чадахгүй байгаа бол бусад нь ч бас чадахгүй байгаа…”
Нэгдүгээр анги төгсөх хавар багш намайг хөтлөөд, унших бичгийн ногоон номыг бариулаад хичээлийн эрхлэгч Дуламсүрэн багшийн өрөөнд орлоо. Яах гэж тэнд орсоноо мэдээгүй би эрхлэгчийн ширээний гоё том байгааг гайхан зогсож байтал багш намайг за миний охин энэ эхийг унш, зогс гэж хэлтэл уншаарай, дуусчихвал эхнээс нь дахиад унших юм шүү гэж хэлэв. Эрхлэгч багш цаг харан, би ч хэлсэнээр нь уншиж дуусахад нийт 234 үг гэж тоолсон. Сайн байлаа гээд багш намайг үнсээд ангидаа буцаж орсон юм. Ингэж бид хоёр 1-4-р ангийханы дунд болсон түргэн уншлагын уралдаанд түрүүлсэн юм билээ. Тэр жил 1-р ангийн хүүхэд түрүүлсэн гээд л сургуулиар нэг шуугисан гэсэн, сүүлд багш маань дурсан ярьсан.
Хоёр билүү гуравдугаар ангид улсын математикийн олимпиадын нэгийн даваа хаяанд тулчихсан багшийнхаа гэрт очоод бэлтгэл хийж байлаа. Багш надад бодлого өгчихөөд хажуугаар нь бор цай хийцлээд л, гэрийнхэн нь бүгд байсан амралтын өдөр байсан юм. Би нөгөө бодлогын ард гардаггүй ээ, цаг боллоо хариуг нь гаргаж дийлсэнгүй. Корова+трава=молоко гэж бодлого байсныг тодхон санаж байна, багш энэ чинь үнээ өвс идээд сүү гаргана гэж байна, ижил үсэг ижил тоо шүү олон хувилбар ч байж болох юм уг нь хэцүү биш л юм гэсэн. Дахиад хэсэг суулаа олсонгүй, тэгээд ийм бодлого маргааш ирвэл яаана гээд л зовхи нь буугаад урвайчихсан сууж байв. Гэтэл багш ирээд, миний охион “Чи чадахгүй байгаа бол бусад нь ч бас чадахгүй байгаа…” гээд толгойг минь илсэн.
Маргааш нь олимпиад болж нөгөө л байнга таардаг, битүүхэндээ бэргээд байдаг өөр сургуулийн, сумдын шилдгүүдийг харахаар нээрээ л тэд нар ч бас чадахгүй л байгаа юм шиг харагдаад цаанаасаа тийм итгэлтэй болоод явчихаж билээ. Энэ хүн бол миний бага ангийн багш Л.Алтанцэцэг. Ингэж л энэ хэдхэн үг тэр бяцхан охины өөртөө итгэх итгэлийн галыг нь мөнхөд бадраасан юм даа. Сургууль төгсөтлөө аймгийн олимпиадын эхний 4 байрнаас унаж үзээгүй, 3 удаа аймагтаа тэргүүлж улсын олимпиадад шалгарч оролцож байсан амжилтыг багшийнхаа тавьсан суурийн ач гэж итгэлтэй хэлнээ.
4-р ангид, манай ангийн охин, миний дотны найз Мойлтмаа математикын түргэн бодолтын олимпиадад түрүүлсэн, би оролцсон ч нухсаар байгаад хамгийн сүүлд бодлогоо хураалгасан учир чанарын оноо, цагийн оноогоороо хувьлагдаад нилээн хойгуур орсон байлаа. Харин уламжлалт эхний шат болох сургуулийн сорьлогод би түрүүлээд байв. Хэнийг нь аймгийн олимпиадад сойхоо багш өөрөө сонгох болсон юм билээ. Олимпиадын өмнөх өдөр болтол хамтад нь л бэлдүүлж байсан. Тэр жил өнжихвий гэсэн түгшүүр надад байсныг багш мэдчихэлгүй яахав. Багшаа хэн нь орох юм бээ гээд би тэсгэлгүй асуучихлаа, багш ёжтой нэг инээгээд өмнөх амжилтууд чинь хамаагүй, хэн бэлтгэл сайн хийсэн нь оролцоно, одоо харьж болноо гээд гараад явчихсан. Багшийн хүү нь орой манайд ирж хэлэх хүртэл би оролцохоо мэдээгүй маш их шаналж билээ. Олимпиадын өдөр намайг гэрээс аваад дандаа хамт очдог, ороод гаран гартал гадаа хүлээж байдаг багш минь тэр өдөр байсангүй ээж намайг оруулаад явсан. Харин гараад иртэл багш инээчихсэн, за хэцүү бодлого ирсэн үү, бодсон уу миний охин гэсэээр зогсож байсан. Багшийгаа тэвэрч аваад уйлчихсан, эхэр татаад юм ярьж чадахгүй уйлсандаа. Ингэж л багш надад биеэ тоогоод, залхуураад байвал юу болохыг ойлгуулсан хэрэг.
Өвдсөнөөс нь хойш хоёр удаа очиход хотын хүүхдүүдийн өөр байгаа тухай, багшийн ажлаа хийсээр байгаад тэтгэвэртээ гарсан тухай, бидний ангийн хүүхэд нэг бүрийг дурсан ярьсан даа. Ачит багш минь тэнгэрт хальсан гунигт мэдээг сонсоод нулимс дуслуулан таныгаа дурсан бичлээ. Хэцүү үе тулгарах бүрт би чадахгүй байгаа бол бусад ч бас чадахгүй байгаа, чи дунджаас илүү, манлайд нь байх цөөхөн хэдийн нэг, дахиад жаахан хичээхэд болно, үргэлж өөртөө итгэ гэх өөрийгөө дэмнэх урамыг зүрхэнд минь хийж өгсөн багшдаа маш их хайртай. Тэнгэрт байх өөр олон бяцхан зүрхнүүдэд итгэлийн галыг нь асаах багш хэрэг болсон юм байлгүүдээ…
Таны хүмүүжүүлсэн шавь Т.Должинсүрэн 2025.03.18







Leave a comment